Исаиа 64:8
Гэвч эдүгээ ЭЗЭН, Та Эцэг маань, Бид шавар, Та бидний урлаачин, Бид бүгд Таны мутрын бүтээл. Исаиа 64:8 АБ2013

Миний бие анх сүмд ⛪ явж эхэлснээс хойш гурван жил болжээ. Хамгийн анх сүм надад яг л галзуугын эмнэлэг дээр байгаа мэт санагдаж байсан. Энд тэндгүй хүмүүс орилоод алгаа ташаад, би ч дотроо “Ээ Бурхан минь би хаана ирчвээ 😱” гэж бодож байсан. “За энэ хүмүүс шиг л болж болддоггүйм шүү” гэж бодож байсан болов ч одоо гурван жилийн дараа тэдний нэг болцон Hallelujah (Эзэн Бурханыг магтагтун) гээд явж байна 😄. Анх Христ итгэдэг хүмүүсийг галзуу мангар гэж хардаг байсан мөртлөө яагаад ингэж өөрчлөгдсөн талаар айдас, үнэн, болон хайр гэсэн гурван хэсэг болгон бичье гэж бодлоо.

Айдас: Тэр амьд учраас бүх айдас минь арилсан

Исаиа 43:2
Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, Дөл нь ч чамайг шатаахгүй. Исаиа 43:2 АБ2013

Миний амьдрал яг одоо бол амьд үлдэх горим 🧟 (survival mode) дээр ажиллаж байгаа. Яагаад гэхээр би өөрийнхөө залуу насны эрч хүч, жаахан цуглуулсан хуримтлал, цаг хугацаа гэх мэт өөрийнхөө бүх бооцоог одоо хийж буй AI startup (гарааны бизнес гэдэг орчуулга надад нээх таалагддаггүй) дээр all-in хийсэн. Нэг өнцгөөс харвал жаахан эрсдэлтэй шийдвэр. KAIST дээр яг хажууд хамт сурж байсан найзууд төгсөөд Google, Microsoft гэх мэт технологийн агуу эзэн гүрэнд AI судлаачаар ороод байхад гэтэл би энд төгсчөөд өлсгөлөн чоно шиг 🐺 ширүүн цасан шуурга дунд ан хайгаад яваад л байдаг. Цасан шуурга дунд ан харагдахгүй болохоор айдас нөмөрч эхлэнэ. Би ер нь ан агнаж чадах юм уу? Би ядаж байхад туршлагатай чоно биш байгаад байна. Өмнөх амьдралаа хархад дандаа нохой шиг амьдарсан байна. Аяганд хоол хийвэл идчээд хэн нэгэн аяганд хоол хийхийг хүлээгээд байж байдаг 😅. Гэтэл одоо дөнгөж чоно болсон чинь доторх хүн “За залуусаа яаж ийж байгаад нэг ан агнахгүй бол энэ байдлаараа ёстой өлсөж үхэх юм байна” гээд шүдээ ирлээд, ан барих гээд хурдаа нэмж эхэлж байна.

Гэхдээ яагад ч юм тэр айдас надад маш бага мэдрэгдээд л алга болсон. Сонирхолтой нь цасан шуурга намдсан юм алга харин ч эсрэгээрээ ихсээд байна. Би нэг ч ан агнаагүй мөртлөө яагад энэ айдас алга болчив. Уул нь ан агнахгүй бол өлсөж үхэх нь тодорхойдоо. Яагаад гэвэл Тэр миний дотор амьдардаг учраас, бүх айдас минь алга болсон 🙏. Библи дээр маш олон удаа (365 удаа байдаг гэж сонссон) бүү ай гэж гардаг. Тэр миний дотор байгаа цагт би айхаа больсон. Цасан шуурга шуурдгаараа сайн шуур, харин ч амьдралыг ёстой сонихролтой болгож байна. Надад Христ ахан дүүс байна. Надад хамгийн гол нь Бурхан байна. Би бүүр болохгүй бол AI-аар ажилд орчино. Би бүүр болохгүй бол Доктороор сурчихна. Бурхан хамт байхад нээх айгаад байх зүйл байхгүй юм байна шүү дээ. Гол нь Бурханы төлөвлөгөөний дагуу алхаж явахад цасаар шуурна уу байна уу нээх хамаагүй болсон.

Үнэн ба Эрх чөлөө: Үнэн та нарыг чөлөөлнө

Библи дээр нэг ийм алдартай ишлэл байдаг:

“Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв.” Иохан 8:32 АБ2013.

Би заримдаа миний амьдралын хамгийн эцсийн хүсэл ✨ (ultimate desire) юу вэ гэж боддог. Би ер нь яагаад эдгээр зүйлийг хийгээд байна. Миний амьдралын хамгийн эцсийн хүсэл бол үнэнг маш гүнзгий ойлгох, жинхэнэ бүр жинхэнэ эрх чөлөөг мэдрэх, маш үзэгсгэлэнтэй хайраас таашаал авах, болон өөрт өгөгдсөн бэлгийг бүтнээр нь ашиглаж энэ хорвоо ертөнцийг дэлбээлүүлэх, бүр хүн болгон нэвтэрж орж чаддагүй тэр гүнзгий рүү нэвтрэн орох гэж боддог.

Миний бодлоор дийлэнх хүмүүс энэ жинхэнэ эрх чөлөө болон үзэгсгэлэнтэй хайраас маш багийг мэдрэн насыг эцэслэдэг. Тэд энэ хорвоо дээр хэт их завгүй амьдардаг (би яг үнэндээ тэдний нэг). Тэд багахан эрх чөлөөнд ханадаг. Багахан эрх чөлөө гэдэг нь гайгүй машин байртай 🏠, сар болгон тогтмол дажгүй орлоготой 💰, ер нь ийш тийшээ аялий гэвэл аялчих санхүүгийн бололцоотой ✈️. Энэ бол чухал эрх чөлөө хүний амьдралд байх ёстой зүйл. Гэхдээ энэ хязгаар нь биш. Надад энэ хангалтгүй. Би үүнээс цаадхийг нь хармаар байна. Би энэ ертөнцийн гүн рүү нэвтрэн ормоор байна. Энэ ертөнцийн хязгаарыг давмаар байна. Энэ ертөнцийн хязгаарыг давж хайран дотор улам их дэлбээлүүлэхийг хүсэж байна.

Иохан 8:32
Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв. Иохан 8:32 АБ2013.

Тэгвэл би яаж энэ жинхэнэ эрх чөлөөнд хүрэх вэ? Библи дээр хариу нь байгаа - “Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв.” Бид үнэнийг ойлгох хэрэгтэй. Хэрэв бидний гол цөм үнэн дээр суурилвал түүн дээр баригдсан барилга бүр бат бөх байна 💪🏻. Учир нь үнэн хэзээ ч өөрчлөгдөхгүй бас ганхахгүй. Хэрэв бидний гол цөм худал байвал, цаанаасаа л бүх зүйл худлаа санагдана. Яг л элсэн дээр барьсан барилга мэт. Тийм учраас бид (ялангуяа эрчүүд бид) өөрт байгаа бүх өгөгдсөн бэлэг болон нөөц бололцоогоо ашиглан энэ ертөнцийг болон өөрсдийн тал биеийг (эмэгтэйг) байж болох хамгийн гүнзгий хайр болон үнэн дотор дэлбээлүүлж цэцэглүүлэх хэрэгтэй 🌸.

Хайр: Хамгийн агуу хайр бол “Өөрийгөө Золиослох” ❤️‍🔥

Ефес 5:25
Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. Ефес 5:25 АБ2013.

Есүсийн үхэл амилалтаас авах ёстой хамгийн том сургамж бол Түүний агуу хайр ❤️. Тэр бидэнд маш их хайртай учраас Өөрийгөө золиослон ✝️ хамгийн агуу хайрыг үзүүлсэн. Цовдлогдон нас барж байхдаа хүртэл

“Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шавга хаяцгаан, Түүний хувцсыг хуваан авчээ.” Лук 23:34 АБ2013.

Тэд Түүнийг цовдлон алж байхад хүртэл Тэр тэднийг уучлаач гэж хэлж байгаа нь үнэхээр агуу хайр.

Энэ агуу хайрыг Адам болон Ева хоёрын түүхээс бас харах боломжтой. Бурхан Адамд ингэж хэлсэн байдаг:

“Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ! гэв.” Эхлэл 2:17 АБ2013.

Гэтэл Ева могойн 🐍 ятгалгаас болж тэр жимснээс 🍎 иддэг. Тэгээд Ева Адамд жимснээс өгч Адам бас иддэг. Яг үнэндээ Еваг бүтээгээгүй байхад Адам тэр жимснээс идэхгүй болоод л байдаг байсан. Хүн өөрийнхөө тал хавиргаа хүртэл өгч бүтээлгэж байхад тэр тал бие маань очиж очиж тэр идэж болохгүй ганц модны жимснээс иддэг нээрэн (ер нь энэ эмэгтэйчүүдээс их юм болно шүү 😄). Нэгэнт Ева идцэн бол Бурханы хэлснээр зайлшгүй үхэх нь. Миний тал бие ингээд үхэх нь тодорхой болчлоо. Хүн маш их хайртай бол яах уу? Хамтдаа үхэх гээд Адам идсэн гэж бодож байгаа (Библи дээр Адам яагаад идсэн нь гардаггүй. Гэхдээ Адамд могой алим өгөөгүй, харин Ева алим өгдөг гэж гардаг.) Энэ бол өөрийгөө золиосолж буй агуу хайр. Миний тал бие үхэх гэж байхад Адам “би идэхгүйээ зүгээр зүгээр баярлалаа, би үхмээргүй байна” гээгүй л байгаа юм. Адам хайртай “тал бие”-тэйгээ хамт байхын тулд түүнтэй хамт үхлийг сонгосон.

Мөн түүнчлэн Библи дээр нөхрүүдэд зориулж маш тодорхой тушаал өгдөг.

“Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. “ Ефес 5:25 АБ2013.

Есүс Христ яаж өөрийгөө золиосолсон шиг эхнэрүүдээ хайрла гэж байгаа. Бас үргэлжлүүлэн ингэж гардаг.

“Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг.” Ефес 5:28 АБ2013.

Энэ дээр эхнэрүүдээ хайрлавал зүгээр шүү, хайрлах хэрэгтэй шүү гэж гараагүй. Хайрлах ёстой гэж гарж байгаа (миний бодлоор итгэгч охидууд яагаад итгэгч залуутай найзлах гээд байдаг нэг шалтгаан энэ гэж боддог 🤔). Өөрөөр хэлбэл жинхэнэ Христ итгэгч залуу мөн бол энэ тушаалуудыг биелүүлэх ёстой сонголт байхгүй гэсэн үг. Тэхээр хамгийн агуу хайрын хэлбэр ❤️‍🔥 бол өөрийгөө золиослох. Би эрчүүдийг эхнэрүүдийнхээ төлөө бүгдээрээ хамтдаа үхэцгээе гээгүй. Харин өөрт байгаа бүхнээ (зүрх сэтгэл, амьдрал, цаг хугацаа, эрүүл мэнд …) өөрийн тал биеийн төлөө золиос гаргаж чадах уу? Би өөрөөсөө энэ асуултыг асуудаг (эмэгтэйчүүд энэ асуултыг өөрөөсөө асуух жаахан сонин. Учир нь Библи дээр эхнэрүүдэд арай өөр тушаал өгдөг.) Хэрэв би тийм гэж хариулвал тэр хүнд би маш их хайртай гэсэн үг. Хэрэв би үгүй гэж хариулвал нэгэн бие болох хүн биш эсвэл хараахан бэлэн биш байна гэж боддог. Библи миний харах өнцгийг ингэж өөрчилж өгч байгаад маш их талархаж байна. Энэ бол Бурханаар удирдуулсан миний амьдрал.

Ингээд эргээд харахад Бурханаар удирдуулсан гурван жилд миний амьдрал маш их өөрчлөгдсөн байна. Би энд бичиж үлдээгээгүй маш олон зүйл бий. Хэрэв тэдгээрийг нь нэг бүрчлэн бичсэн бол миний нас хүрэлцэхгүй байхсан гэж би боддог.

An overexcited son of God
This is me. I am an overexcited son of God ^^

Жич: Миний итгэлийн амьдралын нас дээрх хүү шиг орчим насанд хүрж байгаа болов уу гэж би бодном 👶. Би цаашдаа өсөн өсвөр насанд очих үед ямар байх бол гэдгийг хэт догдлон хүлээе. I am an overexcited son of God ^^

Хэрэв та итгэгч биш мөртлөө энэ хүртэл уншсан бол энэ нийтлэл таньд Христ итгэгч залуу хорвоо ертөнцийг хэрхэн хардаг талаар бага ч болтугай нэг өнцгийг харуулж, таньд ямар нэгэн шинэ бодол үлдээсэн гэж найдаж байна.

Цаг гарган уншсанд баярлалаа ^^

God bless you 🙏🏻